card

Компанийн танилцуулга

 “Зүүнбаян  төмөр зам” ХХК нь Засгийн газрын 117-р тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын суурь бүтэц барих, төмөр замын суурь бүтэц эзэмших, ашиглах, төмөр замын суурь бүтцийг ашиглан тээврийн үйл ажиллагаанд оролцож, ашиг олох зорилгоор үндсэн үйл ажиллагаа явуулж байна.

Манай компанийн 66 хувийг “Эрдэнэс–Тавантолгой” ХК, 34 хувийг Монголын төмөр зам ТӨХК эзэмшдэг.

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд Монгол улсад шинээр 6600 гаруй километр төмөр замыг 3 үе шаттай барихаар төлөвлөж, эхний ээлжинд барих 1100 орчим километр төмөр замын хэсэгт Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын суурь бүтцийг барихаар тусгасан юм. Энэхүү төмөр замыг барьж байгуулснаар Тавантолгойн уурхайгаас коксжих нүүрс экспортлох, уул уурхайн ба аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжинэ. 

Мөн жилд 15 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай төдийгүй Тавантолгойн нүүрсний уурхайн коксжих нүүрсийг ОХУ, БНХАУ руу экспортлоно. Үүний тулд шинэ гарц бий болгож, төмөр замын трассын дагуу Цагаан суварга, Хармагтай, Манлай зэрэг нүүрс, төмөр, зэс, цайрын томоохон орд газрууд байрлаж байгаа нь Монголын уул уурхайн экспортод голлох нөлөөг үзүүлэх төмөр замын чиглэл болох юм.

Тус бүтээн байгуулалт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Таван толгойн нүүрсний ордоос Дорноговь аймгийн Зүүнбаян чиглэлд Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сум, Дорноговь аймгийн Мандах, Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэрийг хамрах бөгөөд 1 өртөө, 6 зөрлөгтэй, төмөр замын голын даац нь 25 тонн, царигийн хэмжээ нь 1520 мм байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

Бусад мэдээ

Хүсэлт илгээх