ӨМНӨГОВЬ АЙМАГТ ТӨМӨР ЗАМЫН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Банзрагч Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн төмөр замын мэргэжилтэн бэлтгэх мэргэжлийн сургалтын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Тус сургууль нь энэ хичээлийн жилд “Улаанбаатар төмөр замын Политехникийн коллеж” болон Өмнөговь аймгийн ЗДТГ-тай хамтран төмөр замын салбарт эрэлттэйд тооцогддог замчин, илчит тэрэгний засварчин, ачаа вагон хүлээлцэгч зэрэг дөрвөн мэргэжлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж байна. Нийт 120 хүүхэд энэхүү сургалтын хөтөлбөрт хамрагдаж байна.

Эдгээр хүүхдүүдийн сургалтын төлбөрийг тус аймгийн “Нутгийн хишиг” хөтөлбөрөөс 100 хувь дааж байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээ. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээр дамжиж хоёр ч төмөр зам баригдаж байгаагийн нэг нь Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416,1 км төмөр зам юм. Тийм учраас “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн төлөөлөл ажил олгогчийн хувиар энэхүү үйл ажиллагаанд оролцож, оюутан суралцагчдад сурлагын өндөр амжилт хүсч, хүн өөрөө хичээж чадвал төмөр замын салбарт ажлын байр нээлттэй байгаа талаар танилцуулга мэдээлэл хийлээ.